Бяцхан үрс маань яг л бидэнтэй ижилхэн олон төрлийн мэдрэмж сэтгэл хөдлөлүүдтэй цаг үргэлж нүүр тулж, түүнийгээ янз бүрээр илэрхийлдэг.

Харин энэ бүх сэтгэл хөдлөлөө  таньж, зөв удирдах EQ чадварт суралцсан хүүхэд ирээдүйд гэр бүлдээ хайраар дүүрэн эрүүл харилцааг, нийгэмдээ үнэ цэнийг,  ажилдаа манлайллыг бий болгож чаддаг. Үүнийг хүний амжилтын шалтгаан болж байгааг дэлхий нийт олж харан аль хэдийн 21-р зууны хүмүүсийн эзэмших ёстой хамгийн чухал чадваруудын нэгээр нэрлэсэн юм.

Үүнд суралцахад оройтно гэж байхаас эртдэнэ гэсэн ойлголт огт үгүй.

Тиймээс “Бүби мэдрэмжийн сагстайгаа танилцсан нь” “Мэдрэмжүүд миний онцгой найз” цуврал ном маань хүүхдүүдийг багаас нь энэхүү чадварт сурган, зан төлөв, хүмүүжлийн суурийг бий болгох чиг шугам болох юм.  QkiddyZ цувралын гол баатрууд болох Бүби, Номи хоёр болоод сэтгэл хөдлөлийн өхөөрдөм мэргэжилтнүүд маань хүүхдүүдэд мэдрэмжээ илэрхийлэх үгийн сангаа нэмэгдүүлж, хэрхэн гаргаж сурахад нь туслах шинэхэн найзууд нь билээ.

Эдгээр зохиол, дасгал ажлууд томчууд бидний нүдэнд энгийн жижиг зүйл мэт харагдавч хайртай үрсэд маань сэтгэл зүйн тэнцвэрээ хадгалж, бүхий л амьдралынхаа туршид өөртөө хэрэгжүүлэх амьдралын боловсролыг олгох юм.

Бүби:

Тэр бол 6 настай өхөөрдөм хүү. Түүнд өөрийнх нь насны бяцхан бэрхшээл, адал явдал, хүсэл тэмүүлэл бүгд бий. Тэр болж буй үйл явдал бүрээс мэдрэмжийн сагсны бяцхан найзуудынхаа тусламжтайгаар шинэ зүйл таньж мэдсээр байдаг ухаалаг хүү юм. Мөн айлын том хүү гэсэн тодотгол түүнд байдаг.

Номи:

Номи бол 3 настай үнэхээр хайр төрөм бяцхан охин. Бүби ахынхаа хувьд тэр хайртай дүү нь хэдий ч өрсөн лего тоглоомыг нь санамсаргүй нураачихдаг, хичээл номон дээр нь өнгийн харандаагаар зурчихдаг дэггүй дайсны цэрэг. Бас аав ээжийн хайр халамж түүнрүү л чиглээд байгаа мэт гунигийг Бүбид хааяа мэдрүүлдэг байсан нь саяхан.

Бяцхан үрсийнхээ EQ буюу сэтгэл хөдлөлөө удирдах чадварт нь туслахаар ирсэн шинэхэн найзуудтай нь танилцацгаая.

Уурхан:

Тэр бол улаан өнгөтэй эгдүүтэй охин. Учир нь уур гэдэг тийм муу муухай, байж болохгүй зүйл биш бөгөөд хүн бүрд төрдөг л мэдрэмж юм. Харин түүнийг хэрхэн илэрхийлэх нь л чухал.  Тиймээс уурхан маань бяцхан найзуудыгаа ямар үед уурладаг, уурласан үедээ ямар царай төрх, үйлдэл гаргадгаа ойлгож мэдэн, цаашлаад үүнийгээ хэрхэн зөв илэрхийлж сурахад туслах маш чухал үүрэгтэй юм. Түүнд нэгэн жин байдаг бөгөөд уурласан хүн дээр нь гараад зогсвол хэр зэрэг хүчтэй эсвэл багахан уурласан нь хэмжигдэн гардаг.

Хайр:

Тэр бол үслэг ягаан биетэй, хайр хүрэм зөөлөн нүдтэй зан чанарын мэргэжилтэн юм. Хүзүүнд нь зүрхэн хэлбэртэй гоёмсог ягаан зүүлт байх бөгөөд хэн нэгний үл үзэгдэгч мэдрэмжийн сагс хайраар дүүрэх үед тэрхүү зүүлт нь ер бусын гэрэл цацруулдаг. Тэр бусдыг хүндэлж хайрлах нь энэ хорвоогийн хамгийн сайхан зүйл гэдгийг хүүхэд бүрт ойлгуулахыг хүсч, бас өөрөө ч гэсэн бүх хүүхдийн маш ихээр хайрласаар байдаг.

Баяр баясгалан:

Гэрэлтсэн нар мэт шар өнгөтэй, хөгжилтэй хөөрхөн царайтай энэ жаал бол Баяр баясгалан.  Тэр бүхнийг өөдрөгөөр харж, хэрхэн сайхан байлгах тухай үргэлж хичээдэг. Түүний хувьд бэрхшээлийг даван туулах арга үргэлж байдаг гэдэгт итгэдэг. Өглөө ээжийнхээ дуугаар сэрж, өдөр цэцэрлэгтээ явах, найзуудтайгаа тоглох гээд энэ бүхэн аз жаргал гэдгийг тэр мэддэг бөгөөд бяцхан найзууддаа ч үүнийг ойлгуулахыг хүсдэг. Түүний мөрөн дээр байдаг жижигхэн далавч нь хүүхдүүдийг аз жаргалтай инээж баясах  үе бүхэнд мөн адил баярлаж байгаагаа илэрхийлэн нисэх мэт хөдөлдөг.

Гунигхан:

Энэ бол цэнхэр усаар дүүрсэн мэт  цэнхэн өнгийн биетэй, бүлтгэр том нүдтэй гунигхан. Тэр бяцхан хүүхдүүдийг аав ээж нь цэцэрлэгт үлдээгээд явангуут, найзууд нь түүнийг тоохгүй байгаа мэт санагдвал, бас хэн нэгэн уйлж байгааг харчих л юм бол гуниглаад мөөгөн хэлбэртэй малгайн дотроо орчихдог. Түүнд гэхдээ хэн нэгэн туслах юм бол, эсвэл өөрөө болсон явдлын тухай сайтар эргэцүүлэн бодох үед нь тайван байдал нь эргэн ирж дорхноо зүгээр болдог. Тэр гунигаа хэрхэн алга болгодгоо найзууддаа бас заахыг хүсдэг.

Айдасхан:

Тэр бол эгдүүтэй ногоон биет. Шөнө цонхруу харах, хаалга чахран дуугарах, гэнэт аав ээжийгээ олохгуй байх, цэцэрлэгийн ангидаа ганцаараа үлдэх гээд түүнийг айдаст автуулах зүйл зөндөө. Тэр үедээ нүдээ хооронд нь ойртуулж амаа яг хашгирах гэж буй бэт ангайлгадаг. Гэхдээ л энэ үед түүний бөөрөнхий шил нүд тун хөгжилтэй хөөрхөн харагддаг. Айсан үедээ үүнийгээ хэрхэн даван туулах тухай тэр ч мөн суралцсаар байгаагаа бусдадаа ч гэсэн хуваалцахыг хүсдэг.

57155053_382914808966750_8391235506372870144_n
2019-04-17
Уур бол хүн бүхэнд байдаг мэдрэмжийн л нэг илэрхийлэл юм

Ихэнх хүмүүс уурыг 🙅🏻‍♂️ буруу зүйл гэдэг. Тиймээс зарим нь түүнийг дотроо хадгалж, тэвчих...

Read More
0
2019-04-23
Сэтгэл хөдлөлөө удирдаж, биеэ зөв авч явахад бяцхан үрсээ төлөвшүүлэх 8-н зөвлөмж

Бидний хэлдгээр сахилгагүй, тогтворгүй занг сэтгэл хөдлөлөө удирдах, биеэ зөв авч явах...

Read More