Ц.Алтансор: Хүүхдийг болзошгүй хүчирхийллээс сэргийлэхийн тулд БИЕИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН боловсролыг бага наснаас олгох шаардлагатай


Бид сошиал медиагаар шуураад өнгөрдөг атлаа амьдрал дээр дорвитой шийдэл хүрч чаддаггүй, тэр бүр нээлттэй ярьдаггүй сэдэв бол хүүхдийн хүчирхийлэл билээ. Бидний ойр дотны хэн нэгэн хүчирхийлэлд өртөөгүй л бол хайхардаггүй, дуу хоолойгоо зоригтой илэрхийлдэггүйгээс хүчирхийллийн үндэс болох бүдүүлэг үйлдлүүд зүсээ хувирган нийгэмд оршсоор л…

Эцэг эх, сурган хүмүүжүүлэгчид биеийн аюулгүй байдлын  болоод сэтгэл зүйн боловсролыг хүүхдүүддээ багаас нь олгож, энэ сэдвээр нээлттэй ярилцаж чаддаггүйгээс тэд хүчирхийллийн аливаа хэлбэрийн золиос эсвэл хүчирхийлэгч болж бойжсоор байна.

Биеийн аюулгүй байдлын болоод сэтгэл зүйн боловсрол гэж чухам юу болох, үүнийг хэрхэн хүүхдэдээ олгох, сэтгэл зүйн хувьд хүчирхэг хүүхэд өсгөх хүчин зүйлс зэрэг сонирхолтой мэдлэг, мэдээллийг “Q Education Group” -ийг үүсгэн байгуулагч Ц.Алтансортой хийсэн энэ ярилцлагаас та олж унших болно.

-Боловсролын салбарт ажиллаж буй хүний хувьд боловсролыг хаанаас, юунаас эхэлдэг гэж боддог вэ?

-Хүн бие физиологийн хувьд аюулгүй, эрүүл, сэтгэл санааны хувьд тогтвортой байж гадаад ертөнцтэй танилцах чадвар нь нээгдэж, өөртэй итгэлтэй, баяр баяр баясгалантайгаар сурч хөгжиж, урагшилдаг. Гэтэл сэтгэл санаа тогтворгүй, хэн нэгний хараат, бие махбод нь өвддөг,  сэтгэл зүйн хувьд дарамттай байвал цааш цаашдын боловсролын тухай яриад нэмэргүй.

Томчууд бид ч бие эрүүл, сэтгэл санаа тогтвортой байснаар ажилдаа төвлөрч, үр бүтээмжтэй байж, хэрэв бие базаахгүй бол чөлөө аваад эрүүл мэнддээ анхаардаг биз дээ.

Тиймдээ ч бид хүүхдээ бага насанд нь хайр халамжийг мэдрүүлж, зөв хүн болж төлөвших үндэс болох биеийн аюулгүй байдал болон сэтгэл зүйн боловсролыг хангаж, өөрт нь асуудал, бэрхшээл тулгарвал ойр дотны хүмүүст хэлдэг, сэтгэл зүйн хувьд өөрийгөө илчилж, илэрхийлэх чадварыг суулгаж байж дараа дараагийн боловсролын талаар ярих нь зүйтэй.

-Q Education Group биеийн аюулгүй байдлын боловсрол олгох хөтөлбөрийг цэцэрлэгүүддээ хэрэгжүүлж эхэлсэн гэж дууллаа. Ингэхэд бидний төдийлөн нээлттэй ярьдаггүй биеийн аюулгүй байдлын боловсрол гэж юу юм бэ. Яагаад хүүхдийн боловсролд чухал гэж?

-Бид хүүхдээ мундаг хүн болгоно, оюун ухаан сэтгэн бодох чадварыг хөгжүүлнэ, хэл сургана, танин мэдэхүйн мэдлэгийг дээшлүүлнэ гээд байдаг атлаа хүүхэд өөрийгөө таньж мэдэх, хамгаалах боловсролыг орхигдуулчихдаг.

Тиймдээ ч хүүхэд юу мэдэрч буйгаа, хаанаас бий болсон,  яагаад ийм зүйл мэдрээд байна зэрэг мэдрэмж, сэтгэл хөдлөлөө таньдаг болохын тулд сэтгэл зүйн болоод биеийн аюулгүй байдлын боловсролтой болох нь маш чухал.

Бага насны хүүхдийн хүчирхийлэлд өртсөн нийт тохиолдлын 85 хувийг таньдаг, ойр дотны хүмүүс нь үйлдсэн гэсэн судалгаа бий. Хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үзүүлээгүй ч биеийнх нь нууц хэсэгт хүрэх байдлаар бие махбодын хүчирхийлэлд өртөх тохиолдол түгээмэл.

Гэтэл хүүхдүүд  таньдаг хүн байсан гэсэн шалтгаанаар энэ тухай эцэг эхдээ хэлдэггүй. Хоёрдугаарт хэнд, хэрхэн илэрхийлэхээ мэддэггүй айдсын хүчин зүйлүүд байдаг аж. Энэ нь хүчирхийллийн хэлбэр байсныг том болоод  ойлгодог, тэр хүртэл эл мэдрэмж тухайн хүүхдэд сэтгэл зүйн гэмтэл үүсгэчихсэн байдаг. Тухайн үед эвгүй санагдсан ч хүүхэд миний биеийн нууц хэсэгт хүн хүрч болдог гэсэн ойлголт авдаг гэсэн үг.

Эцэг эхчүүдийн дийлэнх нь энэ тухай хүүхэдтэйгээ нээлттэй ярилцдаггүй. Энэ төрлийн сэдэв хүүхдэд их эмзэг тусдаг учраас хэзээнээс, юунаас эхэлж ярих вэ гэдгээ мэддэггүй, хаа хамаагүй ярьж болдоггүй сэдэв байсаар ирсэн.  Үүнийг хүүхдэдээ багаас нь ойлгуулахын тулд Австралийн Educate2Empower хэвлэлийн компанийн албан ёсны эрхтэйгээр биеийн аюулгүй байдлын боловсрол олгох бүрэн хэмжээний сургалтын хөтөлбөрийг багачууддаа хүргэх гэж байна.

Сургуулийн өмнөх боловсролд зурагт номоор дамжуулан багш нь энэ талын мэдлэгийг зөв зохистой аргаар хүүхдэд эзэмшүүлэх юм.

Бидний нэвтрүүлж буй биеийн аюулгүй байдлын боловсролын хөтөлбөрт наад зах нь хүний биеийн нууц хэсэг гэж юу болохыг купалниктай хүүхдийн зурган дээр жишээ авч тайлбарлаж, энэ хэсэгт чиний зөвшөөрөлгүйгээр хэн ч хүрч болохгүй гэдгийг ойлгуулах жишээтэй.

Хоёрдугаарт, тухайн хүүхдийн итгэж найддаг хүмүүсийг тодорхойлуулж, хүүхдийн аюулгүй байдлын сүлжээг тодорхойлдог. Чамд ямар нэгэн асуудал тулгарвал хэнд хэлэх вэ, чиний итгэдэг 5 хүн хэн бэ, яагаад энэ хүмүүст итгэдэг вэ гэх байдлаар асууж хүүхдийн аюулгүй байдлын сүлжээг үүсгэнэ гэсэн үг. Харин ээж аавын хувьд хүүхдийнхээ сонгосон хүмүүст хандаж манай хүүхдийн аюулгүйн сүлжээнд та багтжээ, ямар нэгэн асуудал тохиолдож танд хэлбэл нээлттэй харилцаж өгөөрэй гэж захина.

Хүүхэд асуудалтай тулгарсан тохиолдолд сонгосон 5 хүндээ мэдээлэх нууц үгээ тохирно. Тухайлбал, үзэм, алим, шувуу гэхчлэн түлхүүр үгээ ашиглан утсаар яривал аюулд өртсөний дохио гэх мэтчилэн маш хэрэгтэй, сонирхолтой санаануудыг агуулсан.

Өөрөөр хэлбэл танихгүй хүн ирээд хаа нэг тийш дагуулж явах, өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр биед нь хүрэх гэх мэт асуудал гарвал ичиж, эмээхгүйгээр үгүй, зогс гэж зоригтойгоор эсэргүүцэх эхний алхамд суралцана гэсэн үг.

Биеийн аюулгүй байдлын боловсрол олгох энэ хөтөлбөрийг бусад цэцэрлэгүүд, сургуулиуд бага ангидаа хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна Энэ хөтөлбөр нь хүүхдийн зурагт ном болоод багшид зориулсан гарын авлага, биеийн аюулгүй байдлын боловсролыг хүүхдэд хэрхэн заах талаарх сургалт агуулснаараа онцлог.

-Ийм байдлаар урьдчилан сэргийлснээр хүчирхийллийн гаралтыг бууруулж чадна гэж үү?

-Бид ихэнх тохиолдолд аливаа үйлдэл гарсны дараа ямар арга хэмжээ авах, ял шийтгэл оноох тухай ярьдаг. Би бодохдоо ихэнх тохиолдолд хүн хүчирхийлэл үйлдэх үедээ үүний дараа ямар ял шийтгэл эдлэх бол гэж огт боддоггүй. Хүний эрүүл ухаанаар шийдвэр гаргалтын хугацаа их удаан.

Их тархи буюу оюун ухаан, сэтгэн бодохуйг хариуцсан тархийг үйлдэл хийхээс өмнө сэтгэл хөдлөлийг удирддаг дунд тархи нь маш хурдан хариу үйлдэл үзүүлж байдаг.

Тиймээс бид хурдан уцаарладаг, биеэ барихаасаа өмнө үйлдэл гаргачихсан байдаг. Ухамсаргүйгээр, тухайн үеийн сэтгэл хөдлөл, нөхцөл байдлаасаа шалтгаалж гэм буруутай үйлдлүүдийг хийдэг гэсэн үг. Харин оюун ухаант тархи ажиллах үед би яагаад буруу зүйл хийчхэв гэж араас нь гэмшдэг.

Тиймээс бид урьдчилан сэргийлэх үүднээс хүүхдэд энэ талын боловсрол олгох нь хүчирхийллийн хэлбэр агуулсан үйлдэл гарах хүчин зүйлээс сэргийлэх боломжтой.

Энэ талын боловсрол яах аргагүй манайд дутагдаж байна. Нөгөө талаасаа эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хэдэн цагийг хамт өнгөрүүлж байгаад тооцоод үзвэл, ажиллах 8 цаг, ажил руугаа явах, харих,  гээд түгжрэлийн цагийг тооцохоор өдөрт 10-12 цагийг хүүхэдтэйгээ хамт өнгөрүүлж чаддаггүй. Ингээд бодохоор орой 2-4 цагийг л тэдэнд зориулдаг. Энэ хооронд хүүхдээ сургууль, цэцэрлэг, эсвэл хэн нэгэнд даатгадаг учраас хүүхэд ихэнхдээ бидний анхаарлаас хол байдаг. Тиймээс таны хараа хяналтаас гадуурх хугацаанд  хүүхэд өөрийгөө хамгаалж чадах уу гэдгийг бид үргэлж бодолцох хэрэгтэй. Энэ талын боловсролыг хүүхдэдээ олгосноор одоо ч, ирээдүйд ч өөрийгөө хамгаалах чадвартай хүнийг бий болгож байна гэсэн үг.

-Ихэнх эцэг эхчүүд хүүхдийнхээ сэтгэл зүйг нээж, сайн сонсогч, найз нь байхаас илүүтэй бусадтай харьцуулж, өөрийнхөөрөө байлгах гэж хичээх хандлага элбэг шүү дээ?

-Бид хүүхдээ бусадтай харьцуулахын оронд хүүхдийн минь сэтгэл зүй тайван, тогтвортой байна уу, бие нь эрүүл байна уу гэдгийг алхам тутамд анхаарч байх ёстой. Хүүхэд сэтгэл зүйн хувьд тайван бус байгаагаа үгээрээ илэрхийлж мэддэггүй. Харин үйлдлээр харуулдгийг томчууд бид тэр бүр хайхардаггүй.

Жишээ нь хүүхэд айж түгшсэн, сэтгэл зүйн болоод бие физиологийн аюулгүй байдал үүссэн үед гэдэс нь өвдөж байна гэж хэлдэг, хумсаа мэрэх, гараа хөхөх, хэн нэгэн хүүхдийг хазах гэх зэргээр үйл хөдлөлөөрөө илэрхийлдэг.

Гэтэл эцэг эхчүүд хүүхэд нь хумсаа мэрж, хуруугаа хөхөөд байвал болиулах гэж загнана, гашуун зүйл түрхэх байдлаар механик аргаар алга болгох гэж үздэг. Гэтэл үнэн хэрэг дээрээ хүүхэд сэтгэл зүй нь тогтворгүй байхад энэ мэт үйлдэл гаргадаг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ үйлдлийг маш сайн ажиглаж байх хэрэгтэй.

Мөн ээж хүүхдийн ээнэгшил гэдэг зүйл бий.

Хүүхдээ бага байхад нь хангалттай их цагийг хамт өнгөрүүлж чадвал, хүүхдээ тэвэрч, үнэсэх биендээ хүргэх үед ээнэгшлийн үйл явц явагддаг. Ингэснээр хүүхдэд сэтгэл зүйн хувьд аюулгүй гэсэн мэдрэмжүүдийг төрүүлж, сэтгэл зүйн хувьд хүчирхэг хүүхэд бойжих үндэс болдог.

Тиймдээ ч өндөр хөгжилтэй орнуудад төрийн бодлогоор хүүхдийг 4-5 нас хүртэл нь ээжийг ажил хийлгэхгүй үр хүүхдээ маш сайн өсгөх бүх боломжийг хангаж, хүүхдийг сэтгэл зүйн хувьд хүчирхэг, эрүүл болгож өсгөх нь тухайн улсын бодлого байдаг.

-Тэгвэл эцэг эхчүүд өөрсдөө эхлээд энэ талын боловсролтой байх хэрэгтэй болох нь ээ. Хүүхдээ үл хайхрах нь хүртэл хүчирхийллийн хэлбэр гэдэг шүү дээ?

-Хүүхдээ үл хайхрах нь тэдний сэтгэл зүйд асар их гэмтэл учруулдаг. Сатаарах зүйл хэтэрхий их, завгүй нийгэмд аав ээж болгон хүүхдээ үл хайхрах алдаа гаргадаг.  Дэргэд нь байсан хэрнээ утсаа оролдох, зурагт үзэх, бусадтай ярилцах үед ээжээ, ааваа гээд хүрээд ирэхэд нь нэг, хоёр дуудуулаад хардаггүй. Энэ үед хүүхэд ээж аавынхаа хувьд хэн ч биш гэсэн мэдрэмжийг авч цаашид тантай ярилцах хүсэлгүй, бусадтай харилцах, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх дургүй нэгэн болох үндэс тавигддаг. Би хүртэл заримдаа өөрөө ч мэдээгүй байхдаа үл хайхарсан тохиолдол гаргадаг. Энэ үед би хүүхдүүддээ хандаж ээж нь завгүй, чамайг анхаарахгүй байвал ээжийнхээ мөрөн дээр гараа тавиад анхаарлыг минь өөртөө татаарай гэж захидаг.

Хүүхдийнхээ хувьд та дэлхий ертөнц нь байдаг. Таныг ажлаасаа ирэхэд тэд өөр юу ч хэрэггүй мэт баярлан хөөрдөг. Дэлхий ертөнц мэт санагддаг тэр л үед нь дэлхий ертөнцийг мэдрүүлж чадахгүй бол хүүхдэд тань сэтгэл зүйн гэмтэл үүсэж эхэлнэ.

Эцэг эх байх гэдэг нь маш том боловсрол. Хүүхдэдээ материаллаг хэрэгцээг нь хангаж өгөхийг эцэг эх байна гэж хэлэхгүй, бие физиологи болоод сэтгэл зүйн эрэлт хэрэгцээг хангаж, дутагдах зүйлгүй байлгахыг хэлнэ. Ингэхийн тулд хүүхдээ маш сайн ажиглаж, сонсож,  тэдний хэрэгцээг ойлгох, ертөнцийг танихад ээж аавууд маань маш сайн суралцах хэрэгтэй. Хүүхдээ ажиглаад, сонсоод, ирэхээр тухайн эцэг эх хүүхдийнхээ төлөө юу хийх ёстойг аяндаа мэдэрдэг. Тийм учраас эцэг эхчүүд хүүхдээ ажиглаж, онцлогийг мэдэрч, ижил түвшинд харилцаж, ойлгохыг хичээвэл тэд үнэхээр олон зүйлийг танд  хэлж өгдөг.

Бүр том хүнээс ч гарамгүй тийм л ухаалаг зүйлийг хэлж ойлгуулж байдаг юм билээ. Гэтэл бид тэднийг хүүхэд шүү дээ гэж хайхардаггүй, чи юу мэддэг юм гэсэн хандлагаар хүүхдийнхээ хэлсэн үг, үйлдлийг анхнаасаа ойлгохыг хичээдэггүй, анзаарахгүй өнгөрчихдөгөөс болж тэдэнтэй харилцах харилцаандаа хана босгочихдог.

Нэгэнт хана босчихсон бол аажмаар тоосго нэмэгдсээр үр хүүхэд тань бие даасан хүн болохын цагт тэр хана асар өндөр болсон байх вий. Хүүхэд тань аль хэдийн танаас биш өөр зүйлээс хэрэгцээгээ хангадаг болчих үед эцэг эхчүүд би хүүхдээ ойлгохгүй байна, манай хүүхэд надтай ярилцдаггүй, миний үгийг сонсохгүй байна гэж гомдоллоно. Хүн гэдэг амьтан байгалиасаа л хэн нэгний анхаарал халамжид байх хэрэгцээтэй байдаг. Гэтэл тэр  хайрлагдах, хүнд тоогдох, өөрийгөө сонсгох хэрэгцээ нь гэр бүлийн орчинд, дотны хүмүүсийн хүрээлэлд хангагдахгүй байхаар түүнийг гаднаас эрэлхийлж эхэлдэг.

Тэр нь магадгүй буруу хүн байхыг үгүйсгэх аргагүй. Цахим гэмт хэрэг гарах үндэс нь энэ учраас асуудал гарсны дараа биш гарахаас өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ёстой.

Тиймээс эцэг эхчүүд эхлээд өөрсдөө биеийн аюулгүй байдлын болоод сэтгэл зүйн боловсролыг мэдэж авч, хүүхдэдээ бага насанд нь зааж, өгч, тэдэнтэй нээлттэй харилцаж чадсанаар маш олон сөрөг зүйлээс сэргийлнэ.

-Хүчирхийлэгч төрдөггүй бий болдог гэдэг. Үүнээс хэрхэн сэргийлж болох вэ?

-Хүчирхийлэгч, хүчирхийллийн золиос гэж бид ярьдаг. Гэтэл ийм ойлголт байх ёсгүй, үүний цаана хүн гэсэн нэг л ойлголт байх ёстой. Тиймээс бид хүүхдэдээ хүн байх боловсролыг олгох нь хамгийн чухал. Хүн байх боловсрол нь гэдэг т өөрийгөө хамгаалж чаддаг, хүний бие болоод сэтгэл зүйд аюул, хохирол учруулах ёсгүй. Наад зах нь хүүхдэдээ бага наснаас нь л хүний биед зөвшөөрөлгүй хүрэх ёсгүй гэдэг боловсролыг олгоод өгчихвөл ирээдүйд хүний биед зөвшөөрөөгүй байхад хүрэх, хүч хэрэглэх гэдэг ойлголтоос ангид төлөвшинө.

Энэ бол маш том боловсрол. Тухайлбал, өндөр хөгжилтэй орнуудад хүний биед зөвшөөрөлгүй хүрч болохгүй, 30-аас илүү секунд ширтэхгүй байх гэдгийг зааж өгдөг учраас нийгэмд ийм ойлголт, соёл суудаг. Хүүхэд гэнэхэн, цагаахан байгаа дээр нь л ийм боловсролыг өнөөдөр олгосноор ирээдүйд хүчирхийллийн золиос эсвэл хүчирхийлэгч болгохгүй нь тулд дэлхий дахинд хэрэглэж байгаа биеийн аюулгүй байдлын боловсролын хөтөлбөрийг нэвтрүүлж Монголд хүүхдүүддээ заахаар шийдсэн.

Энэ хөтөлбөр манай цэцэрлэгт хэрэгжинэ. Бусад цэцэрлэг болон сургуулиуд бага ангийн хөтөлбөртөө оруулах боломжтой. Мөн Монголын олон хүүхдүүд, тэр тусмаа энэ боловсролыг сургуулиасаа авч чадахгүй байх магадлалтай эмзэг бүлгийн хүүхдүүдэд хүртээмжтэй болгохын тулд сайн үйлс хийх гэж байгаа албан байгууллага, хувь хүмүүс бидэнтэй хамтран ажиллах үүд хаалга үргэлж нээлттэй байгааг дуулгая.

-Таны яриагаар хүүхдүүдийн биеийн аюулгүй байдал, сэтгэл зүйн боловсрол нь уншиж бичиж, тоо бодохтой энэ зэрэгцэхүйц чухал чадвар юм байна шүү дээ. Төрөөс бодлогын хэмжээнд авч үзэж, ЕБС-иудын бага ангийн хичээлийн хөтөлбөрт оруулж өгөх хэрэгтэй юм байна?

-Хэн ч үүнийг ил гаргаж ярьдаггүйгээс, шийдвэр гаргагчид хүртэл өөрсдөө үүнийг ойлгодоггүй. Болдог бол хэвлэлийн өртгөөр нь л аль болох олон хүүхдэд хүргэмээр байдаг, гэтэл хувийн байгууллага болохоор зохиогчийн эрх авах, хэвлэлийн зардал гээд чанга тусаад эхэлдэг. Миний хувьд боловсролын салбарт дутагдаад байгаа энэ мэт ийм л зүйлийн орон зайг нөхөж, хувь нэмрээ оруулахыг хүсдэг учраас юутай ч эхлэлийг тавьчихъя. Үүнийг хүмүүс үзээд үр дүн нь сайн байвал цаашаа бодлого тодорхойлогчид боловсролын хөтөлбөртөө тусгах болов уу гэж найдаж байна.

-Бусад сургууль цэцэрлэгүүд зөвхөн биеийн аюулгүй байдлын боловсролын хөтөлбөрийг дангаар нь авах боломжтой юу?

-STEM хөтөлбөрийг гэхэд хувийн цэцэрлэг, сургуулиуд манайхтай хамтран хэрэгжүүлж буй. Өөрсдийнхөө болон хүүхдийнхээ боловсролд анхаардаг эцэг эхчүүд, багш нар манай хөтөлбөрийг авах хүсэлтээ ирүүлээд байгаа.

Би 10, 20 доллараар номыг нь худалдаж аваад биеийн аюулгүй байдлын боловсролыг гэртээ л хүүхдүүддээ олгож болох байсан. Ганц таны, миний хүүхэд сэтгэл зүйн болон биеийн аюулгүй байдлын боловсролтой болж, тайван орчинд сурч хөгжөөд яах юм бэ? Тэднийг ямар нийгэм хүлээж байх бол гэж үргэлж боддог учраас  олж мэдсэн зүйлсээ хөтөлбөр болгоод хэрэгжүүлээд аль болох олон хүүхдийг хөгжүүлж, боловсролтой, сайн хүн болж төлөвшихөд туслахыг хүсдэг. Энэ бодол нэг л мэдэхэд миний хийдэг ажил, зорилго болчихсон.

Нийгэм ганцхан таны хүүхдээс хамаарахгүй тул эцэг эхчүүд ч бас өөрийн хүүхдэдээ гэлтгүй явдаг цэцэрлэг нь энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэйг ухаараасай. Ингэж байж энэ талын боловсролтой хүүхдүүдийг нийгэмд бэлдсэнээр санаа зовохгүйгээр ажлаа хийх боломж бүрдэнэ.

-Боловсролын шинэчлэл гэж амтай бүхэн ярьж байна. Таныхаар бид хэрхэн, яаж хийх ёстой вэ?

Төрөөс боловсролын системд тууштай хэрэгжүүлдэг, алсыг харсан урт хугацааны бодлого байх ёстой гэж боддог. Хөгжингүй болоод хөгжилтэй орнуудад хувийн секторууд засгийн газраас гаргасан, төлөвлөгөө шийдвэрээс хамаараад тэр бодлого руу чиглэсэн үйл ажиллагаанууд хэрэгжүүлдэг. 5-10 жилийн бодлого боловсруулаад хэрэгжүүлээд эхэлбэл наад зах нь судалгааны ажил хийж байгаа магистрантур, докторантууд нь тухайн сэдвийг  дэлхийн зах зээлтэй харьцуулан судалж, эрдэм шинжилгээний бүтээлээр нь дамжуулж олон нийтэд боловсрол олгох боломжтой.

Хэрэв төрөөс боловсролын системд 10 жилийн дараа технологид суурилсан тийм бодлого хэрэгжүүлнэ гэж заагаад өгчихвөл хамгийн наад зах нь технологийн компаниуд боловсрол руу чиглэсэн программууд хэрэгжүүлж, хүүхдийн боловсролын контентийг монгол хэл дээр хөгжүүлж эхэлнэ. Гэтэл бидэнд тийм бодлого хэрэгждэггүй.

Боловсролын шинэчлэл, чанар чансаа ярихдаа судлаачид, хувийн хэвшлийнхэн, эцэг эхчүүд, сурагч, оюутнуудын оролцоог хангах ёстой. Ингэж улс даяараа тухайн бодлого боловсруулахад оролцож байж боловсролын реформыг хийнэ.

Сурагч, оюутнуудыг бодлого боловсруулах хэлэлцүүлэгт оролцуулж санал бодол, тулгамдаж буй асуудлыг бодлого гаргагчид сонсох ёстой гэж боддог доо.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье.