Хоёрдогч хэлийг хэдэн наснаас өмнө амжиж сургах вэ?
Судалгаанаас үзэхэд хүүхэд 12 наснаас өмнө хоёрдогч болон гадаад хэлийг сурч эхэлвэл өөрийн унаган хэл шиг эзэмших боломжтой гэж үздэг. Яагаад гэхээр 12 наснаас бэлгийн бойжилтын үе эхэлдэг. Энэ наснаас эхлэн хүүхэд илүү биеэ барьсан, ичимхий болдог. Өөрөөр хэлбэл өөрөө өөрийгөө таних, би хэн бэ гэдгээ ойлгож эхэлнэ гэсэн үг. Энэ насандаа хүүхэд буруу ярьчих вий дээ, алдаа гаргачих вий гэснээсээ ичиж, зовно.
Харин 12-оос өмнөх насандаа хүүхдүүд илүү нээлттэй, ямар нэгэн юм бодолгүйгээр, юу дуртайгаа ярьж, харилцаж, дүрмийн алдаа, үгсийн сангийн алдаа зэргийг үл хайхран ярьдаг байна. Түүнчлэн 13–14 насандаа хүүхэд ер нь шинэ мэдлэгийг хүлээж авахдаа тааруухан болчихсон байдаг гэсэн судалгаа ч бий. Гадаад хэл сурна гэдэг өөрөө шинэ мэдлэг, шинэ зүйл руу тэмүүлж байгаа хэлбэр…
Мөн 12 нас хүртэл хэл ярианы хөгжлийг дэмжих маш олон төрлийн булчин аман дотор хөгжиж байдаг ба тэдгээрийн хөгжих процесс нь гадаад хэлээр зөв дуудаж ярихад тусалдаг. Аль хэдийнээ тэдгээр булчин нь Монгол хэлнийхээ авиа зүйн онцлогт зохицон хөгжчихсөн нөхцөлд илүү унаган буюу Америк, Англи хүн шиг цэвэрхэн дуудлагатай сурахад дутагдалтай болж эхэлдэг.
Нөгөө талаасаа дуртай тоглоомоо тоглож, дуртай дуугаа дуулж, кино үзэж, хөгжилтэй байдлаар хийж үзэхийг хүссэн зүйл дээрээ тулгуурлаад далд ухамсараараа сураад явчихвал тэр хүүхэд цаашдаа бие даан суралцах сэдэлтэй болчихсон байна. Ингэснээр тухайн хүүхэд цаашдаа зорилго тавиад, ахлах ангид орохдоо Англи болон бусад хэлийг цаашид юунд, ямар зорилгоор хэрэглэх гэдгээ тодорхойлж чадна гэсэн үг юм. Тиймээс хүүхдийг бага наснаас нь сургахдаа тэдний сонирхолыг төрүүлэх замаар тухайн хэлэнд дурлуулж сургах нь илүү үр дүнтэй байдаг.