Сэтгэл хөдлөлөө удирдаж, биеэ зөв авч явахад бяцхан үрсээ төлөвшүүлэх 8-н зөвлөмж
Бидний хэлдгээр сахилгагүй, тогтворгүй занг сэтгэл хөдлөлөө удирдах, биеэ зөв авч явах чадварт хэрхэн төлөвшүүлэх вэ?
Хүүхэд өсөх тусмаа, бүр тодруулбал сургуулийн сурагч болсон үеэсээ биеэ зөв авч явах талаар сурах нь маш чухал юм. Үнэн хэрэгтээ, сургуульдаа амжилтанд хүрэхэд хүүхдүүдийн хувьд өөрийгөө зөв удирддаг байх нь оюуны чадамж өндөртэй байхаас 2 дахин чухал болохыг эрдэмтдийн судалгаа харуулдаг байна.
Сэтгэл хөдлөлөө удирдах, биеэ зөв авч явах тал дээр асуудал тулгарсан хүүхдэд эцэг эх нь энэ талаар ойлгож суралцахад нь туслах хамгийн чухал хүмүүс нь юм. Хүүхэд хүмүүжүүлэх ажил нь ганцхан шөнийн дотор шийдэгдчих асуудал биш учраас таны хувьд энэхүү зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх явцад хүүхэд тань хэт их баярласан эсвэл сэтгэл санаа нь хямарсан үедээ эргээд л хөдөлгөөнтэй дураараа зангаараа авирлахтай таарах нь энгийн үзэгдэл гэдгийг анхаараарай.
Гэсэн хэдий ч та хүүхдэдээ өөрийгөө удирдахад нь туслах явцдаа сэтгэл хөдлөлийн болон оюун ухааных нь хөгжилд хүртэл их хувь нэмрийг оруулсан байх болно.
Хүүхдийнхээ зан төлөвийг ажиглаад үзээрэй.
Хүүхдүүд үнэндээ асуудалд орохыг хүсдэггүй шүү дээ. Тиймдээ ч “Би тэгээгүй ээ” “Би өөрийгөө барьж дийлээгүй юм аа” гэж өөрийгөө өмөөрцгөөдөг. Зарим тохиолдолд, огцом түргэн зан, гиперактив болон уймраа байдлыг үүсгэгч шалтгаан нь сонсголын чадвараа алдалт, хэл ярианы эмгэг болон хоцрогдол, анхаарал төвлөрөлтийн дутагдал зэрэг бие физилогийн болон эрүүл мэндийн асуудлууд байж болох талтай. Хэрвээ та багадаа анхаарал төвлөрөлтийн дутагдалтай (нэг төрлийн эмгэг) эсвэл огцом зан авиртай байсан бол таны хүүхдэд ч адилхан асуудал тулгарах магадлал өндөр юм. Энэ тохиолдолд хүүхдийн эмчид хандах нь зөв байдаг.
Хүүхдэдээ зөв үлгэр дуурайлал үзүүлээрэй.
Сэтгэл хөдлөлөө барьж, өөрийгөө удирдах чадварыг хүүхдэдээ үлгэрлээрэй. Жишээлбэл, “Би тэр бялууг идэхийг маш их хүсэж байгаа ч оройн хоолоо идэж дуустлаа энэ хүслээ түр хойш нь тавьж чадна” гэж өөрийгөө удирдах хэрэгтэйг нь ойлгуулаарай.
Мөн хүүхдээ гадагшаа (дэлгүүр хэсэх г.м) авч гарахаасаа өмнө хооллож, өдрийн нойрыг нь авхуулж, бие сэтгэлийнх нь хувьд тайван байдлыг бий болгосноороо та хүүхдээ олны дунд дэггүйтэхээс нь сэргийлж чадна. Гэсэн ч хүүхэд тань үгэнд оролгүй сахилгагүйтэх, өөрийнхөөрөө гөжүүдлэх явдал гарвал бусдын хажууд зэмлэж нөхцөл байдлыг улам хүндрүүлэхийн оронд буруутгаж чичлэлгүйгээр тусдаа зөвхөн өөртэй нь тайван ярилцаарай.
Хүүхдээ магтаж, сайшаагаарай.
Ямар ч зан чанартай хүүхдэд сайшаал магтаал ямар их хэрэгтэй байдаг гээч. Хүүхдээ буруу үйлдэл хийхэд тохирсон хариуг нь өгөх нь зөв ч, өөрийгөө удирдан биеэ барьж, зөв үйлдэл хийхэд нь ч мөн сайшаал магтаалыг харамгүй өгөөрэй. Гэхдээ мундаг гэж хамгийн төгс хэлбэрээр бус яг тухай хийсэн үйлдэлд нь магтаалыг өгөөрэй.
Бодлоо хянах дасгалуудыг хийлгээрэй.
Хүүхдэдээ “өөрөө өөртэйгээ ярилцах”, “бодол дотроо хувийн харилцан яриа өрнүүлэх” замаар “тархиа хэрхэн дасгалжуулах”-ыг зааж өгөөрэй. Болзошгүй хүнд нөхцөл байдалд орсон тохиолдолд сэтгэл хөдлөлөө удирдахад нь туслах “Би үүнийг хийж чадна”, “Би тайван, хүчтэй байна” зэрэг хэллэгүүдийг хэвшил болгоход нь туслаарай. Хүүхдийн сэтгэлийг тайвшруулахад дэм болох өөр нэг сайн арга бол бясалгал юм.
Бясалгах арга техникүүдийг заасан утасны програмуудыг суулган авч, хүүхдээ гэрийнхээ аль нэг чимээгүй буланд тухлуулан, эхний ээлжинд 2 минутын хугацаатай бясалгалаас эхлүүлэхэд л хангалттай.
Хүүхдэдээ өдөр тутмын хуваарь гаргаж өгөөрэй.
Хүүхдүүд аливаа зүйлийг олон дахин хийж хэвшсэнээрээ түүнийгээ өөртөө суулган авч, илүү их хөгждөг. Иймээс та хүүхдийнхээ мөрдөх шаардлагатай хуваарийг нь урьдчилан бэлдээд өгчихвөл тэд хийх зүйл дээрээ илүү сайн төвлөрөх болно. Өглөөдөө гэрийн даалгавраа хийсэн эсэхийг нь шалгаж, өдөр хичээлээсээ ирэхэд нь ямар даалгавар өгснийг мөн асууж байгаарай. Тэдний хүлээж чадах хэмжээний хариуцлага шаардсан энгийн гэрийн ажлуудыг даатгаж, хэрхэн алхам алхмаар нямбай хийхийг зааж сургаарай.
Жишээлбэл, хүүхэд тань өрөөгөө нэг байршил дээрээс эхлэн, цагийн зүүний дагуу дэс дарааллаар нь эмхлэх замаар цэвэрлэж болно шүү дээ. Мөн хяналтын жагсаалт болон наалддаг хүснэгтийг урамшуулал болгон ашиглахыг зөвлөе. Тэд чинь хийсэн зүйлсээ шалгаж тэмдэглэх хичнээн дуртай гээч. Энэ бүхэн нь таны хүүхэд аль болох олон зүйлийг өөрийн биеэр амжилттай туршиж, ингэснээрээ тэдэнд өөртөө итгэх итгэлийг олоход нь туслах зорилготой юм.
Гэр бүлээрээ өнгөрөөх цагийг бий болгоорой.
Өөрийгөө удирдах, биеэ зөв авч явах олон чадваруудыг хүүхдүүд хоолны ширээнийхээ араас суралцдаг байна. Жишээ нь хоолны өмнө ширээгээ бэлтгэх, хоорондоо ярилцахдаа бусдынхаа яриаг таслалгүй сонсох, ээлж дарааллаараа цэгцтэй ярих, хооллож дуусаад даруй ширээгээ цэвэрлэх зэргийг тогтмол үлгэрлэж хэвшээрэй.
Гэр бүл гэдэг нь хүүхдэд өөрийг нь хайрлаж, дэмждэг хүмүүсээр хүрээлэгдсэн, амар тайван мэдрэмжийг өгдөг хамгийн ойр онцгой газар учраас өдөр бүр хүүхэдтэйгээ зүрх сэтгэлийн нандин холбоог тогтоох цаг гаргаж байгаарай. Энэ нь та хүүхдэдээ замын дунд бүдэрсэн үедээ хэнд хандахаа ойлгоход нь тусалж буй явдал юм.
Тоглоомын хүчийг ашиглаарай.
Хүүхдэд тань төрөл бүрийн нөхцөл байдалд уур уцаараа барьж сурахад нь туслах аргыг үүгээр олгож болох юм. Нүдээ аниад өөртөө тайвнаар бодох хэрэгтэйн дохио болгож “Зогс” гэсэн үг бүхий том бичгийг төсөөлөх, алгаараа тайвшруулагч бөмбөг базлах, гүнзгий амьсгал авах, алгаа хооронд нь үрэх, тайвшрах хэрэгтэйгээ өөртөө сануулах зэрэг аргуудыг хэвшүүлэхийн тулд та хүүхэдтэйгээ жүжигчилсэн тоглолт хийх цаг гаргаж байгаарай.
Зөв хүрээллийг өөртөө бий болгоорой.
Үүнд өөр эцэг эхчүүд, таны хүүхдийн эмч, сургууль дахь багш болон эмч мэргэжилтэнүүд, магадгүй сэтгэл судлаач гээд л… Тэд бүгд таныг хүүхдийнхээ тухай “бүхэлд” нь хариулт олоход тань өөр өөрийн үнэтэй арга барилаар тус болох болно.
Эцэст нь хөдөлгөөнтэй дүрсгүй зантай гэгддэг хүүхдүүд том болоод аливаа үйл явдлаас “том зургийг” нь олж харах чадвартай бүтээлч сэтгэлгээтнүүд, олон ажлыг зэрэг амжуулж, хурдан сэтгэгчид, хошин шогийн мэдрэмж сайтай, санаачлагатай, үргэлж бусдад туслахыг эрмэлздэг хүмүүс байх нь олонтаа. Тиймээс тэднийгээ зөвөөр дэмжиж ирээдүйг хамгийн сайхнаар бүтээлцээрэй