Гадаад хэлийг төгс сурахад юу чухал вэ?
Нас гэдэг гадаад хэл төгс сурахад нөлөөлөх чухал хүчин зүйлсийн нэг гэж бичиж байсан. Тэгвэл өсвөр наснаас өмнө сурч эхлэхгүй бол сайн сурч чадахгүй гэсэн үг бас биш. Наснаас гадна тухайн хүний тархины хөгжил, олон төрөлт сэтгэлгээний онцлог, сурах арга барил гэх мэт зүйлс бас нөлөөлдөг байна.
Жишээ нь Audiolingual буюу сонсголоороо сурдаг, Visual-Spatial буюу харж уншиж байж илүү тогтоодог, Kinesthetic буюу илүү биеийн хөдөлгөөн оролцоон дээр суурилан суралцдаг гэх зэрэг хүн бүр өөрийн гэсэн онцлогтой байдаг.
Дуу сонсох, кино үзэх, амьд харилцаан дээр сурдаг хүмүүс байхад логик сэтгэлгээтэй, математик сэтгэлгээтэй суралцагч нар илүүтэйгээр өгүүлбэрийн бүтэц талаас нь судлахыг эрмэлздэг. Тиймээс хүн бүрийн сэтгэхүйн онцлогоос шалтгаалаад заах арга барил, хичээлийн хөтөлбөрөө тохируулан боловсруулах нь чухал гэдгийг эрдэмтэд тогтоожээ.
Бага наснаасаа эхлээд сурвал хурдан, унаган юм шиг сурах нь илүү боловч нас биед хүрсэн хүмүүсийн хувьд сонсголоороо суралцдаг, баригдмал бус, нүүрэмгий талын зантай бол яриагаа хурдан хугацаанд сайжруулж чаддаг.
Гэтэл хэтэрхий баруун тархины хөгжил өндөртэй, анализ дүгнэлт их хийдэг, дотроо биеэ барьдаг хүмүүс ярианы чадвар хөгжих нь удаан байдаг. Тэгэхээр тэдний хувьд яаж Англи хэлээр ярьж сурах вэ гэвэл илүү өөрийгөө задалж, ичиж зовохгүйгээр суралцах хэрэгтэй.
Нэг ийм үг байдаг. “Watched bowl never boils” буюу Хараад зогсож байхад савтай зүйл хэзээ ч дэвэрдэггүй гэж. Бид цай буцалгахдаа хараад зогсож байвал түүнийг дэвэргэхгүй. Харахгүй байгаа үед л дэвэрчихдэг. Яг түүнтэй адилхан өөрөө өөрийгөө бариад, алдаагаа бодоод явах юм бол тэр хүн хэзээ ч илүү сайн сурч чадахгүй. Харин алдсан ч хамаагүй, үүнийг хэрэглэх ёстой гэдэг байдлаар, өөртөө баригдахгүй сурвал Fluency буюу түгдрэлгүй, цэвэрхэн ярих чадвар сайжирч илүү сайн сурч чадна гэсэн үг юм.